“Монгол улс нөхөн сэргээлт, ойжуулалтын ажлыг эрчимтэй хийхгүй бол ойрын 30 жилдээ ойгүй болох эрсдэлтэй байна” гэж “UBT garden” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Батчимэг ярилаа. Ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, мод тарих хэвшил гэсэн сэдэв өнөөдөр хүн бүхний анхаарал тавих асуудал болжээ. Хашаандаа Монос тарих нь хөрсний бохирдлыг цэвэрлэдэг. Зуны халуунд шатаж, сүйдсэн ойг үнс нурамтай нь орхих биш нөхөн сэргээж, ойжуулахад цаг, зав, хөрөнгө, сэтгэл гаргая… Энэ асуудлаар тэрбээр санал, туршлагаа хуваалцлаа.

-Монгол Улс ойгоо нөхөн сэргээх ажлыг тасралтгүй, бүр эрчимтэй явуулахгүй бол цаашид ойгүй болох эрсдэлтэй гэгдэж байна. Ялангуяа өнгөрсөн зун гэхэд олон удаа ой хээрийн түймэр гарч, их хэмжээний ой шатлаа. Ой нөхөн сэргээх энэ чухал ажлын нөхцөл байдлыг тоймлон харвал ямар байдалтай байдаг вэ?

-Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 11.8 хувь буюу 18.5 сая га газрыг ойн сан бүхий газар нутаг эзэлдэг. Гэвч түймэр, мод бэлтгэл, хөнөөлт шавжид нэрвэгдсэний улмаас доройтолд орсон ой 5.6 сая га газрыг эзлэх болсон нь харамсалтай үзүүлэлт юм. Зуны улиралд ойн түймэр гарах тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдлээ. Хэрвээ энэ байдал цаашид үргэлжлэх юм бол 30-40 жилийн дараа Монгол Улс ойгүй болох эрсдэлтэй. Ой модгүй болж байгаа газрын хамгийн ойрын бодит жишээ бол Чингэлтэй, Баянзүрх хайрхан. Саяхан Батсүмбэр сумын 400-500 га газар ойн түймэрт автлаа. Гал түймэрт энэ мэтээр олон ой сүйдэж байна. Өөр нэг хүчин зүйл нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд дүйцүүлэх нөхөн сэргээлтээ хангалттай төвшинд хийж чадахгүй байгаа явдал. Энд төрийн хяналт үгүйлэгдсэн хэвээр байна. Монгол Улсын хэмжээнд бэлтгэж байгаа нийт модны 36-80 хувийг хууль бусаар бэлтгэдэг гэсэн судалгаа гарсан байсан. Хүмүүс ой модондоо дэндүү хайргүй хандаж байна.

Төвийн бүс нутагт хүн ам олноор суурьшиж эхэлсэнтэй холбоотойгоор ойн бүсийн 40-50 хувь нь өнөөдөр модгүй болсон. Туул гол Улаанбаатар хотын хүн амын ундны усны ундаргын эх үүсвэр байтал хамгийн бохирдолтой голын нэг боллоо. Туул голын экологийн тэнцвэрт байдал алдагдаж эхэлсний дохио 1966 оны үер гэж үздэг. Үүнээс өмнө, 1940-өөд оны үед Туул голын эх ундаргын ойр орчмоос мод бэлтгэх үйл явц эхэлсэн байдаг. Гэхдээ 1952 онд үүнийг зогсоосон. Бодит байдал дээр Туулын эх ундаргын ойр орчмоос хууль бусаар мод бэлтгэх явдал тасрахгүй байна. Туул голын сав дагуух мод, ургамлыг ер нь хаа сайгүй устгасан. Энэ нь мэдээж гол татрах, тасрах байдлыг үүсгэж байгаа шүү дээ.

-Ойн сан, ойгоо аврахын тулд яг яах ёстой вэ. Танд ямар гаргалгаа байна вэ?

-Уг нь өнөөдөр Монгол оронд ургаж болох бүхий л мод, модлог ургамлыг тарьж, ургуулж чадаж байгаа. Гол асуудал бид нөхөн сэргээлтээ л маш эрчимтэй явуулах хэрэгтэй. Ойд гарсан түймрийг хамтын хүчээр унтрааж чадаж байгаатай адил шатсан ойгоо нөхөн сэргээхэд нэгдэх нь чухал байна. Аян ч өрнүүлж болно шүү дээ. Уул уурхайн компаниуд газар доорх эрдэс баялгийг авсан бол нөхөн сэргээлт, дүйцүүлэн нөхөн сэргээлтийн ажлыг чанартай гүйцэтгэж хэвших нь мэдээж чухал. Ингэсэн тохиолдолд, ойрын 10 жилдээ ойн сангаа бүхэлд нь аврах боломжтой.

-“UBT garden” ХХК ойжуулалт, мод үржүүлгийн салбарт арав гаруй жил үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд та бүхэн энэ чиглэлд ямар ахиц, боломжийг бий болгосон бэ?

-Бид 2007 оноос эхлэн ойжуулалт, нөхөн сэргээлт, уул уурхайн нөхөн сэргээлтийн чиглэлээр дагнан, 3-4 төрлийн мод тарьдаг байсан. Харин өнөөдрийн байдлаар бол Улаанбаатар хотын ойр орчмын ногоон байгууламжийг сэргээх зорилгоор бүх төрлийн мод тарьж байна. Манай хүлэмж жилдээ нэг сая орчим мод үржүүлэх хүчин чадалтай. 2017 оны дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар гэхэд 800 мянган үрсэлгээг шилжүүлэн суулгаад байна.

-Та бүхний орон нутгийн хэмжээнд хийсэн томоохон ойжуулалтын ажлууд байдаг. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Туулын эхний нэг цутгал болох Галтайн голын аман дахь хавтгайруулан мод огтолсон газарт бид 2011 оноос эхлэн ойжуулалтын ажил хийсэн. 2016 оны байдлаар гэхэд 146.75 га талбайг 7,460 метр ган торон хашаагаар хамгаалж, нийт талбайн 45 га-д бортоготой тарьцаар ойжуулалт хийгээд байгаа. Маш амжилттай болсон. Туул голын эх ундаргын модгүй болсон 800 га талбайн 100 га талбайг нь ойжууллаа. Үлдсэн 700 га газрыг ойжуулахаар ажиллаж байна. Ерөнхийдөө өөрсдийн хүчин чадал, боломжийг ашиглан Туул голын эх ундаргын ойр орчимд 10-20 мянган мод тарьсан байдаг. Унаган байгалийн хус, хар мод, нарс зэрэг модыг үржүүлсэн. Одоогийн байдлаар 96 хувийн ургалттай байгаа.

Бид монголдоо анх удаа гэж хэлж болохоор зарим судалгаа, шинжилгээний ажлыг явуулж байна. Тухайлбал, арцыг мөчрөөр нь тарьж, ургуулах туршилт хийлээ. Туршилт маш амжилттай явагдаж байна. Шашны зан үйл дэлгэрч буйтай холбоотойгоор байгалийн арц хомсдож эхэлсэн. Арц нь агаар цэвэршүүлж, нян устгах бодис өөрөөсөө ялгаруулдаг чухал ач холбогдолтой ургамал.

Улаанбаатар хотод улиас хурдан ургадаг гээд тарих нь элбэг. Гэхдээ улиасны хөвөн иргэдийг харшилтай болоход нөлөөлдөг. Тиймээс Улиаснаас хөвөн гаргахгүй байлгах үүднээс эрлийзжүүлэх судалгааны ажил явуулж байгаа.

-Та бүхний мод үржүүлэг, үрслэгээний ажилдаа ашиглаж байгаа канад технологийн онцлог юу вэ?

-Бид 2010 оноос эхлэн канад технологи нэвтрүүлж, 3300 метр квадрат талбайтай, автомат ухаалаг хүлэмжид модыг үрээр нь тарьж, ургуулж байна. Үүнийг онцлог нь жилийн дөрвөн улиралд, тэр тусмаа намар, өвлийн цагт мод тарьж, ургуулах боломжтой болсон явдал. Мөн ургамлын үндсийг гэмтээдэггүй давуу талтай.

Өнөөдөр дэлхий дахинд ойжуулалтын ихэнхийг хамгаалагдсан үндэсний системтэй тарьцаар хийдэг болсон байна. Энэ нь ойжуулалтын амьдралыг найдвартай хангадаг систем бөгөөд манай “УБТ Гарден” ХХК Монголд анх удаа энэ технологийг нэвтрүүлсэн. Ингэж ургуулсан тарьцын давуу тал нь заавал хуурай, салхитай хаврын улиралд мод суулгахгүйгээр жилийн илүү тохиромжтой улиралд шилжүүлэн суулгаж болдгоороо онцлог юм.

-Нэг үеэ бодоход, монголчууд маань мод тариад хэвшиж байна. Гэхдээ тариад орхичихдог. Арчилгаа хийж заншаагүй байх шиг санагддаг? Та энэ тал дээр хүн бүр амархан хэвшүүлж болох зөвлөмж өгч болох уу?

-Мод тарьснаас хойших эхний долоо хоногт усалгааг 17.00 цагаас хойш хийх хэрэгтэй. Нүхний өнгөн хөрсний хагарлыг тармуурдаж, элсээр хучилт хийх нь мод салхи авахгүй, үндэс хаталт өгөхгүй байх ач холбогдолтой. Модны ургалтад маш сайн нөлөөлдөг. Модны эргэн тойрон дахь зэрлэг ургамлыг цэвэрлэх нь чухал. Ингэснээр мод тухайн газар нутагтаа дасан зохицож, үндэс нь тэлж, сайн ургах нөхцөл бүрдэнэ. Зэрлэгтэй модны ургалт удаан байдаг. Сайн цэвэрлээд л байвал гурав хоногийн дотор шинэ нахиа төлждөг. Долоо, найман сараас мод хурц наранд түлэгдэж эхэлдэг. Шилмүүст мод шилмүүсээрээ амьсгалдаг учир шилмүүс болгоныг нь бороожуулах маягаар услах хэрэгтэй. Мод өвөлжин утаа, дуу чимээ, тоос шороонд бохирдож, навч шилмүүс нь хорддог. Тиймээс хаврын улиралд тоос шороог нь цэвэрлэж, зохих арчилгаа хийх нь үр дүнтэй байдгийг зөвлөе.

-Улаанбаатар хотын нэг санаа зовоодог асуудал нь хөрсний бохирдол. Үүнийг багасгах зорилгоор ямар мод таривал зүгээр вэ? Ялангуяа гэр хорооллын айлууд?

-Гэр хорооллын айл бүхэн ариун цэврийн байгууламжийнхаа дэргэд Монос таривал үр дүнтэй. Монос мод нь хөрсийг сийрэгжүүлж, хөрсний бохирдлыг арилгахад чухал нөлөө үзүүлэх тул айл бүхэн тарьж хэвшвэл их сайн юм.