Монгол судлалын чиглэлээр суралцаж буй оюутан залуусыг монгол ахуй орчинтой танилцуулж, монгол судлалд хүчээ сорих итгэл үнэмшлийг бий болгох урмын хөшүүрэг нь болох зорилго бүхий “Ирээдүйн олон улсын Монгол судлаачдыг дэмжих “EBI” хөтөлбөр”-ийг “EBI” буюу “Элбэгдорж хүрээлэн”, “Их Монгол” сан хамтран зохион байгуулж Монгол судлалын үндэсний зөвлөл, “БОЛД ГРУПП” дэмжигч байгууллагаар ажиллаж байна.
Хөтөлбөрт 7 орноос шалгарсан 9 оюутан залуус оролцож байна. Энэхүү хөтөлбөрт улс улсдаа монгол хэлний мэдлэгээр өрсөлдөн тэргүүлсэн монгол судлалын чиглэлээр бакалаврын түвшинд суралцаж буй оюутнууд хамрагдаж байна.
“Их Монгол” сангийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа Монгол судлалыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр тууштай бодлого баримтлан, “Монгол судлалыг дэмжих сан”-г байгуулах зарлиг гаргаж, Олон улсын монголч эрдэмтдийн X, XI их хурлыг өөрийн ивээл дор зохион байгуулсан. Мөн “Монголын эх түүх” (7 боть), “Монголын эртний түүх” (5 боть), “Монгол хэлний их тайлбар толь”, “Монголын түүхийн тайлбар толь”, “Дэлхийд түгсэн Монголын нууц товчоон”, “Эрмитаж дахь Ноён уулын олдвор” зэрэг монгол хэл, соёл, түүхийн судлалын олон бүтээлийг дэмжин хэвлүүлэх зэрэг бүтээлч санаачилга өрнүүлснийг дэлхийн монгол судлалын хүрээнийхэн сайн мэдэх билээ.
Монгол судлал нь монгол улс, монголчуудыг гадаад ертөнцөд зөвөөр таниулах хамгийн чухал гүүр болохын хувьд монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэх шаардлагатай юм. Тиймээс тус чиглэлээр суралцаж буй оюутан залуусыг монгол судлаач болох зам уруу хөтлөх бодитой ажлыг төр, хувийн хэвшлийнхэн тал бүрээсээ хамтран хэрэгжүүлбэл амжилтад хүрнэ.
Цахиагийн Элбэгдорж энэхүү орон зайг нөхсөн “Ирээдүйн олон улсын Монгол судлаачдыг дэмжих “EBI” хөтөлбөр”-ийг санаачилсан бөгөөд 2017 оны хөтөлбөрт улс улсдаа монгол хэлний мэдлэгээр өрсөлдөн тэргүүлсэн монгол судлалын чиглэлээр бакалаврын түвшинд суралцаж буй Америкийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Оросын Холбооны Улс, Швейцарын Холбооны Улс, Япон Улсын 9 оюутан залуус оролцож байна.
Монгол орон, монгол түмний маань хэл соёл, үүх түүхийг судлан шинжлэгч монгол судлаачдын буухиа тасаршгүй залгамжтай байхад “Ирээдүйн олон улсын Монгол судлаачдыг дэмжих “EBI” хөтөлбөр” чухал ач холбогдолтой гэдэг нь эргэлзээгүй.