Манай сонин энэ удаагийнхаа дугаарын зочноор “УБТ” компанийн Ерөнхий захирал Х.Болдбаатарыг урьж, ногоон хөгжлийн талаар ярилцлаа.

Хүлэмж маань жилд нэг сая мод худалдаанд гаргах хүчин чадалтай боловч зах зээлийн боломжоосоо шалтгаалан 100- 200 мянган мод үржүүлж байна. Жишээ нь, бидний идээд байдаг хуш модны самар чинъ модны үр. Үүнийгээ л байгаль дээр бойжих орчинд нъ суулгаж услаад, бороожуулаад, нарнаас хамгаалж ургуулдаг. Увс аймгийн Өндөрхангай сумын хуш модны самар ургах чадвартай хамгийн том үртэй байдаг юм. Ясан дотроосоо үр нь өөрөө гараад үндэс нь бэхжээд жилдээ 10-20 см өндөр ургана. Энэ бол манай Эко ухаалаг хүлэмжинд ургах байдал. Төр засгаас авч байгаа бодлогод дүйцүүлэн нөхөн сэргээх ажлыг дэмжиж, өндөр ач холбогдол өгч ажилладаг нь манай компанийн онцлог байх болов уу.

-Хүмүүс өнөөдөр мод тарих гэж хошуураад буйн учир юунд байна гэж та боддог вэ?

-Хүн гэдэг амьтан энэ хорвоод ирээд буцахын богинохон хугацаанд буян гэж нэрлэгдэх гурван зүйлийг хийх ёстой юм гэнэ лээ. Түүний нэгд мод бутыг байгалийн цэвэр хөрсөнд нь суулган өсгөж үржүүлэх үйл багтдаг. Байгаль эхийн хэвлийгээс төрсөн хүн гэгч амьтан түүнгүйгээр амьд явах аргагүйгээ мэдрэх тусам мод бут суулган, агаар дэлхийгээ цэвэр тунгалаг байлгахын төлөө санаа зовниж эхэлдэг. Энэ ч утгаар монголчууд маань сүүлийн үед ногоон ургамлыг эрхэмлэж, ногоон хоолны жор судлах болсон нь нүдэнд илхэн болжээ. Гэхдээ мод тарих хүслээс илүү хэрхэн яаж ургуулах тухай асуудал шүдний өвчин болоод байгаа нь нууц биш. Ялангуяа жилийн дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай Монгол Улсын хувьд амаргүй шийдэл болохыг мод тарьсан хэдэн жилийн ажлын туршлага маань батлах шиг болдог. Мод тарьсан хүн мэс заслын эмч шиг үргэлжийн санаа зовоостой, нөгөө суулгасан хэдээс минь хэд нь амьдардаг бол доо гэж. Тиймээс ногоон ургамлыг сонирхон, ургуулах буян хийхээр шийдсэн хэн нэгэн юуны түрүүн энэ замыг туулсан мэргэжлийн тариаланч “эмчид” хандахыг зөвлөж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар манайхан жилийн хоёр өдрийг мод тарихад зориулдаг боллоо. Үр дүн нь огцом биш ч бас нүдэнд харагддаг болжээ.

-Монгол Улсын Ерөнхийлөгч ногоон байгууламжийг хөгжүүлэх, цөлжилт хуурайшилтыг багасгах, экологийн тэнцвэрт байдлыг хангах талаарх асуудлыг дэлхийн хэмжээнд тавьж, гарах гарцыг юуны өмнө хүн бүр мод зүлэг тарих явдал гэж харсан тул монголчууд жилийн хоёр өдрийг мод тарихад зориулаад багагүй хугацаа өнгөрлөө. Мөн Ерөнхий сайд байхдаа “Ногоон хэрэм” төслийг санаачилсан нь өнөөдөр Өмнөговь аймагт биеллээ олж хангай нутаг шиг мод, цэцэг найгаж байгаа газар олон бий.  Манай хөрш орнуудаас эхлээд дэлхий даяараа ногоон хөгжпийн асуудалд анхаарал тавьж байна. Тухайлбал, манайхаас нүүж очсон шар шороо Солонгосын байгаль экологийнх нь аюулгүй байдалд “заналхийлэх” хэмжээнд хүрснийг анзаарч ногоон байгууламждаа илүү их анхаарч байна. Тэгэхээр бид хүссэн ч, эс хүссэн ч дэлхий нийтээрээ ЭКО гэдэг нэг л сонголттой болсон. Хүн бүр л эко хэрэглээг эрхэмлэж, ногоон байгууламж бүхий эко орчинд амьдрахыг хүснэ.

Шинээр баригдаж байгаа хорооллуудын төлөвлөлтөд заавал ногоон байгууламж орох болсон нь нийтэд ч таалагддаг. Ногоон байгууламж өөрөө нийслэл хотын өнгө үзэмжид нэмэртэй төдийгүй агаар цэвэрлэж, дуу чимээг шингээдэг онцлогтой. Бид жинхэнэ ногоон байгууламжийн жишээг хөрш Хятадын нийслэлээс харж болно л доо.

Монгол Улсын Модны тухай хуульд хувь хүн бүр нэг, байгууллага болгон таван мод тарих заалт тусгагдсан байдаг. Хэрэв хэн нэгэн, нүцгэн уул аваад моджуулчихвал түүнийгээ өөрийн эзэмшилд авах хүртэл эрх бий. Мөн тарьсан модоо сум орон нутагтаа бүртгүүлээд явбал мөнгө авах ч боломжтой. Төр таны модыг үнэлж авч байгаа нэг хэлбэр юм. Үнэлгээ нь бага ч санаачилгатай нэгэнд урам нэмэх үр дагавартай гэж би хардаг. Сибирийн ногоон гацуурыг олон жил тарьсан нэгэн гэр бүлийг төр засгаас одон медалиар шагнасан байсан. Тэр айлын хашаа ямар гоё гэж бодно.

Орон сууцны оршин суугчдынхаа төлөө ажилладаг гэх СӨХ-г хүн бүр мэднэ. Тэгвэл оршин суугчдынхаа бүх талын эрх ашигт нийцсэн ганц ажил тань мод зүлэг тарих юм шүү гэж хэлээд тэднийг мод тарихыг уриалж байна. Гэхдээ нэг ухсан нүхэндээ жил бүр мод тарих биш, нэгэнт тарьснаа ургуулж амилуулахын төлөө зүтгээрэй гэж захих байна. Одоо манайд зөвхөн суулгац зарахаар ажлаа хязгаарладаггүй, модыг хэрхэн тарьж арчлах тухай газар дээр нь очиж үнэгүй зөвлөмж, зөвлөгөө өгдөг албан байгууллага, аж ахуйн нэгж олон болсон нь сайшаалтай. Тухайлбал, бидэнд хандаж болно шүү дээ. Хот маань ногоон болж л байвал хандсан хүн бүрт бүхий л боломжоороо туслахад хэзээд бэлэн.

-Ойрын жишээ Бээжин хотыг харж байхад, үйлдвэрлэгчид нь агаар бохирдуулсныхаа нөхөн сэргээлтийг нийгмийн хариуцлага хэмээн ухамсарлах болсон байна. Манайд ийм болох боломж хэр ойрхон байна гэж боддог вэ?

-Дэлхий нийтээрээ ийм жишиг тогтож байна. Машины кондейшн, хөргөгч, сэрүүцүүлэгч системүүд агаарыг маш ихээр бохирдуулдаг. Үүнийг үйлдвэрлэгч орнууд дэлхийн дулааралд багагүй “хувь нэмэр” оруулж, байгальд сөргөөр нөлөөлдөг учраас тухайн орны төдийгүй дэлхий нийтийн өмнө хариуцлага хүлээхээс өөр замгүй. Тиймээс дэлхийн олон конвенцид тусгагдсан үүргийнхээ дагуу ногоон байгууламж тарихад зориулж тусгай сан бүрдүүлдэг. Хил гааль нээлттэй болж, монголчууд хөрш хоёр орондоо дуртай цагтаа зорчих болсон энэ цагт Хиагт, Эрээн рүү явж үзээгүй хүн цөөхөн байх. Хил дөнгөж гармагц л бүгдээрээ л юуны түрүүн мод зүлэг, ногоон байгалийг нь шагшин магтдаг биз дээ. Харин Эрээнтэй залгаа манай Замын-Үүд тэнгэр газар шиг өөр байдалтай угтдаг. Улаан элсээр шуурсан хэвээр. Ямар сайндаа нэг ийм онигоо гарсан байхав дээ. Эрээнд мод ургаад байгааг судлаад ир гэж хэдэн мэргэжилтэнг тийш нь явуулжээ. Туршлага судалж ирсэн манай нөхөд удирдлагадаа, “дарга аа, тэд чинь модоо услаад л байдаг юм байна шүү дээ” гэж хэлсэн гэдэг.

-Тарьсан мод болгон ургадаггүй, тэр дундаа манай орны нөхцөлд. Гол нь арчилгаа тордолгоо чухал гэдгийг таны яриа баталж байна. Энэ тал дээр таны удирдаж буй мэргэжлийн байгууллага томоохон үүрэг гүйцэтгэх болов уу. Тиймээс компанийнхаа талаар товч ярьж болох уу?

-Манайх уулын модыг авчирч зардаггүй, харин модыг үрээр нь үрслүүлж тарьдаг компани. Ажилчид маань намар яваад үрээ түүчихдэг. Манай компани Монгол Улсад модны аж ахуйн шинэ систем нэвтрүүлэх зорилтынхоо хүрээнд сүүлийн зургаан жил туршилтын ажил хийж байна. Шинэ систем гэдэг маань хүчирхэг үндэстэй, түргэн ургалттай мод үржүүлэх явдал. Манайх Израйль, Канад улсын технологиор барьсан 3300 ам.метр талбай бүхий ухаалаг хүлэмжийг Дамбадаржаа дахь өөрсдийн мод үржүүлгийн газарт суурилуулсан.

Хүлэмж маань жилд нэг сая мод худалдаанд гаргах хүчин чадалтай боловч зах зээлийн боломжоосоо шалтгаалан 100-200 мянган мод үржүүлж байна. Жишээ нь, бидний идээд байдаг хуш модны самар чинь модны үр. Үүнийгээ л байгаль дээр бойжих орчинд нь суулгаж услаад,         бороожуулаад, нарнаас хамгаалж ургуулдаг. Увс аймгийн Өндөрхангай сумын хуш модны самар ургах чадвартай хамгийн том үртэй байдаг юм, Ясан дотроосоо үр нь өөрөө гараад үндэс нь бэхжээд жилдээ 10-20 см өндөр ургана. Энэ бол манай Эко ухаалаг хүлэмжинд ургах байдал. Төр засгаас авч байгаа бодлогод дүйцүүлэн нөхөн сэргээх ажлыг дэмжиж, өндөр ач холбогдол өгч ажилладаг нь манай компанийн онцлог байх болов уу.

-Танай компани барилга, тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байсан. Чухам ямар сэжмээр мод үржүүлгийн ажилтай холбогдчихов?

-1940-1950-иад оны Улаанбаатар хотын бүтээн байгуулалт үнэн хэрэгтээ модон дээр тогтож байгаа юм. Өөрөөр хэлбэл, голын сав, усан сангаа хамгаалж байсан модоо тайраад хотын анхны орон сууц, барилга байгууламж болгочихсон. Гэтэл Туул гол нь үерлэж эхэлсэн. 1966 оны үерийг хүмүүс өнөөдөр ч ярьдаг. Туул голын усан санг зохицуулагчгүй болгочихсон юм чинь аргагүй л дээ. Цаашлаад 2011 оноос Туул гол бүр тасарч эхэлсэн. Үүнийг байгалийн эко систем өөрчлөгдсөнтэй холбож үздэг. Монголд ажиллаж байсан канад, швейцарь хүмүүс манай орны ногоон байгууламж, усан хангамжид санаа тавьж, энэхүү хүлэмжийг байгуулах талаар анх бидэнд санал тавьсан юм. Гадны хүмүүс ингэж санаа тавиад байхад бид зүгээр хараад суух зүрх хүрээгүй учраас манай компани мод үржүүлгийн ажилд ханцуй шамлан орсон учиртай. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслүүдэд материалаа өгч, заримд нь шалгарч, эцэст нь ухаалаг хүлэмж оруулж ирж, үйл ажиллагаагаа эхэлсэн. Улаанбаатарын хүлэмждээ эхний хоёр жил модоо ургуулсан. Дараа нь “Монполимет”, “Бороо гоулд”, “Оюутолгой”, “Хурд” зэрэг олон аж ахуйн нэгжийн тусламжтайгаар Туул голын эх дээр мод тарилаа. Тарьсан мод маань одоо 20-иод см болж томорсон байна. Тэнд нийтдээ 80-100 га-д мод тарьсан юм. Өөрсдийн гараар тарьсан ч байгальдаа дасан зохицож жамаараа нөхөн төлжиж байгаа модоо харахаар үр хүүхэдтэйгээ зүйрлэм сайхан мэдрэмж төрж, өөрийн эрхгүй сэтгэл огшдог юм билээ. Хүнтэй адил амьд юм болоод тэр биз дээ.

-Та түрүүн манай ажилчид модныхоо үрийг түүгээд өөрсдөө тарьдаг гэж ярьсан. Гэтэл бортгонд тарьсан модны өртөг өндөр учраас Хятадаас мод оруулж ирдэг гэх юм…

-Манай зарим аж ахуйн нэгж уулнаас мод авч, Хятадаас бас оруулж ирж байна. Хятадаас оруулж ирсэн мод ургахгүй байна гэх гомдол байнга л ирдэг. Манай цаг агаар бол мод 99 хувь буюу тэс хөлддөг Сибирийн бүсэд хамаардаг. Гэтэл Хятадаас ирсэн мод Монголын эрс тэс уур амьсгалыг тэсвэрлэдэггүй. Жишээ нь, нисэх рүү явдаг замд хэдэн Засгийн газар, хэдэн хотын дарга мод тарьсан. Ургасан нь хэд билээ. Яагаад ургахгүй байна вэ гэхээр, манай судалгааны багийн хийсэн дүгнэлтээр, хичнээн тэс хөлдсөн ч гурван сарын сүүлээс мод ургадаг. Харамсалтай нь, дөрөв тавдугаар сард манай чийггүй, хуурай хүйтэн салхи нөгөө модыг чинь үхүүлчихдэг. Хүнээр бол цусан хатгаа тусгачихаж байна гэсэн үг. Чухам үүнийг тэсвэрлэн амьдарч чадах, Монголын эрс тэс уур амьсгалд зохицсон модыг л манай мэргэжилтнүүд тарьж, хүлэмжиндээ бойжуулж байгаа юм.

-Тэгэхээр танайхаас авсан мод үхэхгүй, 100 хувь ургана гэсэн баталгаа өгч байна гэж ойлгож болох уу. Зарим компанийн хувьд модоо зарсан л бол бусад нь хамаагүй гэх маягтай харьцах нь бий…

-Социализмын үед ойн сан бүхий 10 гаруй аймагт мод үржүүлгийн төв, бааз, мэргэжилтнүүд ажиллаж байсан. Улс бодлогоор мод үржүүлж, системтэйгээр нөхөн сэргээлт хийхдээ сурагч, оюутнуудыг дайчилж байв. Гэтэл өнөөдөр энэ систем үгүй болж, модны аж ахуй хувийн секторт шилжсэн. Үүнийгээ дагаад хэт бизнес хөөх, чанаргүй ажил хийх гээд сөрөг талууд гарсныг үгүйсгэх аргагүй. Манай компанийн хувьд өмнөх жил мод тарьсан газруудаараа хавар нь явж шалгаж, зөвлөгөө өгөөд, арчилгаанд нь анхаарал тавьж байна. Бид модондоо 100 хувийн баталгаа гаргаж өгдөг. Үхвэл солиод өгнө. Ургана гэдэгт зуун хувийн баталгаа шигээ итгэлтэй байдаг. Ер нь модыг үхүүлдэг хэд хэдэн шалтгаан бий. Дөрөв, тавдугаар сарын хуурай салхинаас гадна дуу чимээ, хөрсний бохирдол, золбин нохой гэх мэт. Нохой шээсэн мод ургадаггүй юм. Бид Улаанбаатар хотоо ногоон болгохын төлөө, ногоон хөгжпийг сурталчлахын төлөө боломжоороо ажиллаж байна. Зөвлөгөө өгнө, сургалт явуулна. Энэ талын асуудлаа шийдэж, байр саваа ч бэлтгэсэн. Манай хэвлэл мэдээллийнхэн ч “Ногоон цаг”-тай болж, мод тарихыг уриалж эхэллээ. Үүний ач холбогдол үнэлж баршгүй их шүү.

-Модны ач холбогдол гээд яривал барагдахгүй. Удахгүй АСЕМ-ын чуулган нийслэлд болох учраас өнгө зүсээ зайлшгүй засах шаардлага гарлаа. Гэхдээ нялх мод суулгаад ургахыг нь хүлээх цаг бидэнд байгаа юм уу?

-Мод зуугаас дээш жил амьдардаг. Байгаль болон улс оронд оруулдаг өгөөж гээд яривал барагдахгүй нь үнэн. Гагцхүү төр засаг маань үүнийг мэдэрч биднийг дэмжих хэрэгтэй. Жижиг аж ахуйн нэгжүүдээ дэмжээд өгвөл айл бүрт, аж ахуйн нэгж бүрт мод өгч чадна. Манай аж ахуйн нэгжүүдийн ихэнх дөнгөж л бойжих шатандаа явж байгаа шүү дээ. АСЕМ- ын хурлыг угтсан тохижилтын ажилд зориулан бид уулнаас мод авчирч суулгахаас өөр аргагүй байдалд байгаа. Учир нь бидний тарьсан эхний моднууд нялхаараа байна.

-Аж ахуйн нэгжүүдээ төр ойлгож дэмжиж өгвөл… гээд ярихаар төрөөс

санхүүгийн дэмжлэг хүсээд байна гэж ойлгодог. Хэрэг дээрээ мод үржүүлгийнхэн маань нийслэлчүүдэд модоо л борлуулаад байхад амьдраад явчихна биз дээ?

-Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Байгаль орчны сайд, хотын дарга гээд энэ ажилд түлхэц өгч болох бүхий л албан тушаалтныг урьж ажилтайгаа танилцуулсан. Мод гэдэг маш олон хүний хөдөлмөр шингэж бойждог учраас жаахан өртөг өндөртэй гарч байгаа нь үнэн. Тэгэхээр л нөхдүүд машиндаа сууж, хаалгаа тас хийлгээд биднийгээ мартчихна. Харин дунд шатны ажилтнууд нь Хятадаас тэсвэр муутай моднууд оруулаад ирдэг. Гэхдээ нэг үеэ бодвол аж ахуйн нэгж, уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нөхөн сэргээлт хийх зорилгоор биднээс мод авдаг болоод байна. Би хувьдаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг буй болгосон Б.Саранчимэгт үнэхээр талархалтай ханддаг. Маш их зүйл хийсэн. Улаанбаатар хотыг моджуулж болдог юм гэдэг сайхан жишээг бидэнд харуулсан. Нөөц бололцоо бол байна. Цаашдаа манай зүгээс зөвхөн модны суулгац гэлтгүй торхтой мод ч санал болгох боломж бий. Энэ жишиг дэлхийн хотуудад байдаг шүү дээ. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн хотын гудамжаар торхтой модоо тавиад намар буцаагаад авна. Өвөл дулаан газар хадгална гэсэн үг.

-Өнөөдөр танай мод үржүүлгийн газарт хэдэн хүн ажиллаж байна вэ. Миний мэдэхээр хэдэн жилийн өмнө хот маань нэг дендрологичтой, мөн цорын ганц Цэцэрлэгжүүлэлтийн компанитай байсан. Харин сүүлийн жилүүдэд хувийнхан маань энэ салбарт маш өргөн фронтоор “давшиж” байх шиг.

-Манай аж ахуйн нэгжид 40 гаруй хүн ажилладаг. Манайх модны дөрвөн инженертэй. Япон, Солонгос, Хятадад дадлага туршлага эзэмшсэн мэргэжилтнүүдтэй. Өнөөдөр хүмүүс мод захиалах нь ихэссэн байна. Зарим нь хашаандаа өндөр мод суулгахыг хүсдэг. Тиймээс бидний зүгээс мод шилжүүлэн суулгах боломжтой хоёр машин авахаар хөөцөлдөж байна. Үнэндээ дандаа нялх мод тариад байвал өсч өндийхийг нь хүлээх шаардлага гарна. Тиймээс уулнаас байгалийн тэнцвэрт байдлыг нь хадгалан зохих хэмжээний мод авчирч хотынхоо гудамжаар тарих ёстой. Өнөөдөр мод тарихсан, хотоо ногооруулахсан, ойгоо хамгаалахсан гэх сэтгэлтэй залуус олон болж. Уг нь ийм их хүсэл байхад төр жаахан мөнгө зарцуулаад л тэднийг ашиглах ёстой юм л даа. Жишээ нь, ууланд алхдаг залууст 30-хан минутын сургалт явуулаад л модны суулгацаа өгөөд тариулж болно. Модны үнэр, агаар нь хүнийг үнэхээр сайхан тайвшруулж чаддаг шүү дээ. Манай ухаалаг хүлэмж мөн яг ийм орчинг бий болгодог. Ер нь, 10 жил, их дээд сургууль төгсч байгаа залуус маань төгсөгчдийн төгөл гэж байгуулаад хэдэн жилийн дараа Чингисийн талбай дээр биш төгөлдөө уулздаг бол сайхан биз дээ. Гол нь модыг тариад хаях биш долоо хоногт, ядаж сард нэг удаа эргээд, хөрсийг нь сийрэгжүүлээд усалж арчлаад байх ёстой. Хүнээс тийм ч их цаг зав шаардаад байх ажил биш.

-Мод яг л хүүхэд шиг хайр халамж, асаргаа шаарддаг. Гэхдээ өдөр бүр бөөцийлнө гэсэн үг биш л дээ. Харин манайхны сэтгэл арай л дутаад байна уу даа?

-Тийм шүү. Манай салбар компаниуд Төв аймгийн Аргалантад салхины аман дээр мод ургадаг юм уу, үгүй юу гэдгийг турших зорилгоор ОХУ-аас авчирсан болон дотоодынхоо үрсэлгээг тарьж үзлээ. Такси баазынхан, засварын цехийнхэн нийлээд маш олон хүний хүчээр хурдан хугацаанд нэлээн их мод тарьсан юм. Харин зураач, нарийн бичиг гээд конторын ажил хийдэг нөхдүүд миний мод гээд л тарьсан модоо үнсэж таалах нь холгүй байж цөөхнийг суулгасан. Би ч шавдуулж л байсан байх. Гэтэл таван жилийн дараа харахад хурдан түргэн тариад явчихсан нөхдийн модны ургалт удаан байсан бөгөөд өнөөх нялуураад л гоё үг шингээж тарьсан мод нь илүү сайхан ургасан байгаа юм. Хүний сэтгэл шингэсэн зүйлийн алсын үр дүн өгөөжтэй байдгийн баталгаа тэр юмсанж. Тэгэхээр сэтгэлээ шингээж, хөрсийг нь зөв бэлтгэж, зөв суулгаж, анхнаас нь л зөв тарих хэрэгтэй. Таны хөлд нэг размер бага гутал углачихаад яв гэж шахаж шаардаад байвал яах вэ?. Монголын хөрс мод ургамлын хувьд дээрх багадсан гутал шиг хатуу, цементлэг талдаа юм. Зөвхөн хар шороо хийх биш бордох ёстой. Цемент шиг болсон шороог үндэс хавж ургах хэцүү. Мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах хэрэгтэй. Тэгээд тарьсан модоо эргэ. Мод бол ургана. Гол нь арчилгаа усалгаа чухал гэж дахин дахин хэлэх байна.

-Хөрсний бохирдол хотын ногоон байгууламжид муугаар нөлөөлж байгаа нь тодорхой. Хамгийн их хөрсний бохирдолтой газар хаагуур байна, та бүхэн энэ тал дээр ажиглалт хийв үү?

-Бохирын асуудал. Айл болгон хашаандаа бие засах газартай. Зуун айл, Гандангийн дэнж гээд гэр хорооллынхон суурьшаад олон жил болсон газарт хөрсний бохирдол мэдээж дээд цэгтээ хүрсэн байгаа. Өөрийнх нь эзэмшлийн 0.07 га-гаас л гарч байвал гээд угаадас үнсээ хашаанаасаа гаргаад цацчихдаг. Хавар болж газар гэсээд шар ус урсаад эхлэхээр нөгөө хогийг чинь Туул руу туучихдаг. Мөн машины тос байна. Төв аймгийн Аптанбулагт одоо мал бараг үржихээ байсан гэж байна. Мал төхөөрөхөд уушиг нь хар цоохор юм байдаг. Хөрсний бохирдол ямар хэмжээнд байгаагийн нотолгоо энэ мөн үү, яах аргагүй мөн.

Мөн хөрсний бохирдлын хэмжүүр бол зүлэг. Би л болж байвал бусад нь яахав гэдэг зангаа л манайхан хойш тавих хэрэгтэй. Тамхины иш, нус цэрээ хаа хамаагүй хаядаг бидэнд хотын соёл хол хэвээрээ л байна. 2008 онд урд хөршид олимп болох гээд “Бээжин хотынхон найман мууг жигшье” гэсэн уриа гаргаж л дээ. Гудамжинд нус шүлсээ хаяхгүй, орилж ярихгүй, морь харахгүй гэх мэт. Саяхан Бээжинд ажлаар очоод гурав хонолоо. Шүлсээ хаяж байгаа хоёрхон л хүнтэй таарсан. Тэд өөрчлөгдөж чадсан байна. Тэр тоолж баршгүй олон хүнтэй газар хоромхон зуур эмх цэгцэнд орж байхад бидний хэдэн монголчууд хичээвэл уг нь чадна даа. Зүгээр ч нэг монгол биш Чингисийн монголын үр сад гэж бодохоор хийж чадахгүй зүйл бидэнд үгүй шиг санагдана. Гагцхүү иргэн бүрийн оролцоо хэрэгтэй. Хашаанаас гараад минийх биш гэдэг өнгөрч баларсан сэтгэлгээгээ өөрчил. Миний үр хүүхэд, ач зээ энэ газар үе үеэрээ амьдарна гэдгийг сана.

-Модны үнэ дунджаар ямар байгаа вэ?

-Жишээ нь, бургас 1000 төгрөгийн үнэтэй. Амралтынхаа өдөр гэр бүлийнхээ гишүүдийн тоогоор бургас худалдаж аваад Туул голынхоо хөвөөнд дуртай газраа тарих боломж бололцоо танд бүрэн байна. Өөрийнхөө болон үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө мод тарилаа гэж бодвол амьсгал тань уужраад явчих байх. Та хоёр сарын дараа модоо эргээд нэг очоорой. Хөөрхөн ургачихсан байх вий. Мод таримаар санагдавч хаанаас авах вэ гэх эргэлзээ таныг зовоож магадгүй. Нэг бяцхан зөвлөгөө өгье л дөө. Гудамжны улиасны мөчрөөс жишүү огтлоод, огтолж авсан газартаа хумсны будгаа түрхчих. Авсан мөчрөө гэртээ авчраад усанд хийгээрэй. 14 хоногийн дараа үндэслээд ирнэ. Сарын дараа тэрийгээ Туул голынхоо орчим аваачаад тарьчих. Танаас ямар ч зардал гарахгүй. Наад зах нь бурхан болоочийнхоо газарт бетон цутгахын оронд мод таривал илүү дурсгалтай биш гэж үү….

-Монголын брэнд гэвэл та ямар модыг нэрлэх вэ?

-Монголын брэнд байж болох мод бол чацаргана. Хашаандаа эр эм чацарганы мод     тарьчихвал хоёр гурван жилийн дараагаас жимсээ өгнө. Энэ хооронд болжмор шувуутай л жаахан “байлдах” байх. Улсын жишээ болох хүмүүс, тухайлбал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь өөрийн амьдралын жишээ сэдэл өгчихөөр мод тарьж, үржүүлдэг хүмүүс маань нэмэгдээд ирдэг. “Хашаандаа жимсний модоо тарьчих. Намар таван кг жимс хураагаад авна. Өөрийн чинь хашаанд үнэгүй ургасан юм шүү. Би зуслан дээрээ хэдэн жимсний модтой. Жимсээ түүгээд нэг удаагийн цаасан аяганд хийгээд хөлдөөчихдөг юм. Тэгээд нөгөөхөө хагас бүтэн сайнд гаргаад идчихнэ” гэх мэт. Мод бол үр хүүхдэд өв, дурсамж болж үлддэг. Арабын цөлд ямар гайхамшигтай ногоон байгууламж бухий хотууд босгож байгаа гэж бодно. Манайхан нэг л нүсэр юм бодоод байдаг. Ердөө л сэтгэл чухал ом билээ.

-Хамгийн үнэтэй модоо хэдээр борлуулдаг юм бэ?

-2-3 сая. Дөрөв, таван метр өндөр ургасан моднууд л ийм үнэтэй байна.

-Уг нь ногоон байгууламжаа тарьсан компани нь цаашид хариуцаад явдаг тогтолцоотой бол хариуцлага тооцоход амар байх, тийм үү?

-Монгол хүн эхлээд хамгийн хямдыг боддог. Гурав дөрвөн жилийн дараах үр дүнг огт тооцдоггүй Гэтэл Германд автозам тавихтай зэрэгцэн ногоон байгууламжийг нь шийддэг. Зам барилгын компаниуддаа ногоон байгууламжийн арчлалтын зардлыг нь жил бүр олгодог юм билээ. Тийм болохоор насны эдэлгээтэй юм хийхээс ч яахав. Гэтэл манай ногоон байгууламжийн компаниуд сайндаа гурван жил л арчлалтыг нь хариуцдаг байх. Цаашдаа яанав ийнэв хэнд ч падлийгүй шүү дээ. Тэгэхээр хэнээр юм хийлгэх вэ, тухайн компани цаашдаа хөгжих боломжтой юу, хариуцлага хүлээх чадвартай юу гэх мэтийг сайтар судалсны үндсэн дээр ажил олгож байх хэрэгтэй юм. Нэг үгээр хэлэхэд, буух эзэнтэй, буцах хаягтай аж ахуйн нэгжийг сонгоорой л гэж хэлэх гээд байна. Тэр цагт хариуцлагын тогтолцоо аяндаа хэвших болно.

-Танай компани үйлчилгээний хичнээн салбарт үйл ажиллагаа явуулж байна вэ? Мэдээж гадаад харилцаа тань өндөр түвшинд хүрсэн гэж бодож байна…

-Такси, барилга, замаскын үйлдвэр, мод үржүүлэг гэх мэт төрөл бүрийн л салбарт хүч үзэж байна. Япон, Солонгос гээд олон улсын байгууллагаас чиглэл, чиглэлдээ мэргэжпийн болоод технологийн зөвлөгөө авдаг.

-Би дахин асууя. Гаднаас мод оруулж ирэх нь зөв үү, буруу юу?

-Бид гаднаас мод оруулж ирэх ёстой. Гэхдээ ямар мод байх вэ гэдэгт шинжпэх ухаанчаар хандахгүй бол хөрсний усыг сороод дээш нь дэгдээчихдэг аюултай мод ч бий. Манай хувьд жилийн дөрвөн улиралдаа тохирсон мод л оруулж ирэх ёстой. Бид уур амьсгалын хувьд ойролцоо учраас Эрхүүгийн их сургуультай хамтарч ажилладаг юм. Сибирийн бүсэд ургах чадвартай модыг үржүүлж, Монголдоо нутагшуулах шаардлага байгаа учраас тэр юм. Гол нь суулгасан, тарьсан мод маань амьдрах чадвартай л байх ёстой.

-Би ч гэсэн мод таримаар санагдчихлаа. Ингэхэд би хаанаас очиж модоо аваад, хэнээс биечлэн зөвлөгөө авч болох бол?

-Утас шөрмөс байхад учир нь олдоно биз дээ, дүү минь. Энэ олон хаягийн алинтай нь ч холбогдсон хүссэн мэдээллээ авч чадна.

Вэб сайт: www.ubtree.mn,

Facebook: UBTree

Twitter: UBTree_Mongolia

И-майл хаяг: ubtmongolia@gmail.com

Байршил: СБД Дамбадаржаа Бэлхийн 16, Модлог Ургамлын хүлэмж

Утас: 9904-9214, 9144-9214, 8877-9214

Н.БАТ

АРДЧИЛАЛ 2016.4.25 №076/2423/