Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласнаас хойш есөн жил болж байна. Үндэсний хэмжээний ийм өдөртэй болсноор монголчуудын хувьд мод тарьдаг уламжлалтай болоод байгаа. Хашаа хороондоо, байрныхаа гадаа ямар мод тарих нь зүйтэй болох, модыг үрээр тарихын ашиг тус болон Монгол орны ойн талаар сонирхолтой яриаг “UВТ” компанийн ерөнхий захирал Х.Болдбаатартай өрнүүллээ.
-Танай компани жилд сая гаруй тооны мод худалдаанд гаргах хүчин чадал бүхий хүлэмжтэй. Жилд дунджаар хичнээн мод худалдаанд гаргаж байна вэ?
-Өнгөрсөн жил 150-иад мянган модыг нөхөн сэргээлт, худалдаанд гаргасан. Чамлахааргүй тоо л доо.
-Мод тарих, суулгац суулгах, мод суулгах, суулгац тарих гэж янз янзаар ярьдаг?
-Хэд хэдэн буруу ойлголт яваад байгаа юм. Модыг уулнаас авчраад Улаанбаатарт тариад байна. Энэ нь зөв, зарим газарт зайлшгүй тарих ёстой. Хотын өнгө үзэмж, агаарын бохирдлыг багасгахын тулд ийм ажил хийх нь зүйтэй. Хоёрдугаарт, нөхөн сэргээлт гэж юм бий. Улаанбаатар хот маань Төв аймгийн нутагдээр байдаг. Хүн амын 70 хувь нь Төв аймагт амьдарч байна. Энэ хавийн модыг тайраад дуусгасан. 60-70 хувь нь үхчихсэн. Мэргэжлийн газруудаар тоолуулахад нэг тоо гарна, газар дээр нь очоод алхахад бас нэг өөр тоо гарна. Богд уул, Толгойтын Зүүн салаа, хойшоо Жигжид, Яргайт руу алхаад үз. Тэнд модны хулгай, мод тайрсан тухай мэдээллийг өдөр болгон шахуу фэйсбүүк, мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байна. Гэтэл мод чинь 100-150 насалдаг. Ид 50, 60,100 насан дээр нь тайраад хаячихдаг. Манай компанийн хувьд харин модыг үрээр тарьдаг. Энэ бол манай компанийн онцлог. Хүчирхэг үндэсний системтэй гэж ярьдаг. Бидний найман жилийн өмнө үрээр нь тарьсан эхний мод өнөөдөр метр гаран өндөртэй болчихоод байна.
-Хүмүүс их өндөр ургасан бэлэн модыг авчраад шууд хашаандаа суулгачихдаг?
-1966 онд Улаанбаатар хотын ойр орчимд их бороо орж үерт автсан. Яагаад үерт автсан юм бэ гэвэл Улаанбаатар хотыг бүтээн байгуулж байгаа нь энэ гээд Туул голыг ундаалж байдаг Хэнтий, Төв аймгийн Мөнгөнморьтын модыг хядаад дуусгачихсан. Их хэмжээний тэр бороо чинь шингэх боломжгүй болоод үер буучихсан юм. Бид олон жилийн судалгааны ажлын үр дүнд Туул голын эх рүү мод тариад байна. Тэнд тарьсан эхний модод маань метр гаруйн өндөртэй болчихоод байна аа гэдэг нь тэр. Үрээр нь тарьсан модод.
Цөмдөг самар, мөчрийг үрслүүлээд тарьдаг. Үүнийг бид шинжпэх ухаанч болгоод бөөний үйлдвэрлэлд шилжүүлээд тэрийгээ ууланд аваачаад тариад байгаа юм. Нэг, хоёр, гурван метрийн өндөртэй мод тарьж байна. Үүнийгээ л мод гэж ойлгоод байдаг. Та байшингаа анх барихдаа л 50 см-ийн өндөртэй мод суулгачих. Тэр мод хүүхэдтэй тань хамт ургаад өсөөд үржээд л байна. Манай компани одоогоор 50 см-ээс 1.5 метрийн өндөртэй мод гаргаж байна. Моддыг тийм өндөртэй болтол нь ургуулж бойжуулж байгаа гэсэн үг. Хүүхдээ энхрийлж өсгөдөг шиг л бойжуулдаг.
-Аливаа ургамалд үндэс маш чухал. Үрээр тарьсан мод мэдээж бат бэх хүчирхэг үндэстэй байдаг байх?
-Мод үржүүлгийн газарт бойжиж байгаа модод салхины ая, усалгаа даадаг болчихсон байдаг. Манайх Улаанбаатар хотыг тойроод гурван газарт мод үржүүлж байна. Манай хүлэмжүүдийг хүмүүс сайн мэддэг болчихсон л доо. Дамбадаржаагийн эцсийн буудалд 500-хан метрийн цаана төв хүлэмж маань байна. Манай үрсэлгээний ажил ид өрнөж байгаа. Бид монос, нарс, гацуур үрслүүлж эхэлж байна. Мөн арц мод үржүүлж байгаа. Энд нэг зүйлийг лам нарт хандаад хэлмээр байна. Яагаад лам нар талийгаачдаа зориулж нэг мод тарьчих гэж хэлдэггүй юм бэ. Хэрвээ лам нар тэгж хэлээд байсан бол Далан давхрын оршуулгын газар өдийд дүүрэн модтой болчих байлаа. Хоёрдугаарт, та бүхэн Улаанбаатарын ойр орчимд буй ой руу ороод үз. Арц байхгүй болчихсон. Шарга морьт, Яргайт, Жигжид, Богд уулын аль ч ам руу ороход арц үнэртдэг байлаа, арав, хорин жилийн өмнө. Одоо ямар ч арц байхгүй. Мэргэжлийн хүмүүсээрээ арцыг хэрхэн тарих вэ, яаж үрслүүлэх вэ гэдэг дээр эрдэм шинжилгээний ажил хийлгэж байна. Хийд, лам болгон л өнөө сайхан арцыг маань гялгар уутанд хийгээд л өгөөд байдаг. Буян хийгээд байна уу, бузар хийгээд байна уу, тэд. Ядахдаа бид арцыг эргэлтэд оруулж худалдааны арц гаргая. Лам нарыг үүнд уриалмаар байна. Лам мод тарихыг үзсэн үү. Дашчойлон, Гандангийн лам нар мод тарихыг харсан уу.
-Гандантэгчинлэн хийд рүү өгсөхөд хэдэн мод суулгачихсан харагддаг шүү дээ?
-Гандангийн мод ургадаггүй байхгүй юу. Хамба, гавж, да лам нар нь нэг нэг мод нүдлээд авчих л даа. Өөрөө очоод усалж амжихгүй бол шавь нараараа услуулж ургуул. Нэг хүн бурхан боллоо гэхэд ар гэрийнхэнд нь “Хүүхдүүдийнх нь тоогоор мод тариарай” гээд хэлчихэд л боллоо. Мод тарихад нь үйлчилдэг компаниуд нь хэдийнэ бий болчихоод байж байна. Манай компани очоод тариад, услаад, хар шороог нь аваад очно. Арчлаад өгнө.
-Нийслэлийн гэрхорооллын айлууд хашаандаа мод тарья гэвэл ямар мод тохиромжтой вэ. Албан байгууллагууд ямар мод суулгавал зүйтэй вэ?
-Улаанбаатар хотыг анх төлөвлөөд барих үедээ оросууд улиас их тарьсан. Улиасны хамгийн сайн төрлүүд Шар хадны цэргийн ангийн дэнжээр байдаг. Мөн Дархан, Чойр хотод сайн улиасууд ургадаг. Улиас хурдан ургадаг сайхан мод. Гэхдээ нөгөө хөвөн нь их хэмжээгээр гарвал хүнийг амьсгалахад бэрх болгож харшил үүсгэдэг. Хэрвээ буруу таривал үндэс нь маш их хол ургаж, хөрсний ус сордог. Тийм болохоор бид улиасыг тийм ч их санал болгодоггүй юм. Монголд зөндөө олон сайхан мод байна. Би сүүлийн үед монос модонд маш их дуртай болж байгаа. Айлууд 0.7 га газартаа тав, зургаан монос, хоёр гурван нарс, ганц гацуур тарьчих хэрэгтэй. Өнөө жил бид ОХУ-тай холбоо тогтоогоод Улаан-Үдээс алимны мод авчирч байна. Алимны мод ургуулах ажлаа хийгээд эхэлчихсэн. 4-5 жилийн дараа тэр ажил маань үр дүнгээ өгч давжаа алим гаргаж авна. Та хашаандаа арван мод, чацаргана, нохойн хошууны буттай, арцаа тарьчихсан байхад хашаагаа зарлаа гэхэд үнэд хүрнэ.
Хүн бүр л агаарын бохирдол их байна гэж ярьдаг ч өнөөдөр тэрийг мартчихсан л явж байна. Арав, арваннэгдүгээр сар болохоор дахиад л утаа эхэлнэ. Би сүүлийн үед найзууддаа үзүүлэхийн тулд зуслан, байрныхаа гадаа бүхий л модыг тарьж үзэж байна. Бүгд л ургаж байна. Ерөөсөө ажил болохгүй. Улаанбаатарт өглөө 06 цагт нар мандчихаж байна. Би ойр хавийнхаа моддыг өглөө бүр усалчихаж болоод байна. Үндэс рүү нь ус хийхээс гадна дээрээс нь шүршиж ус хийх ёстой. Сүүлийн үед харин энэ чиглэлээр сургалтууд их явсан нь үр дүн өгч байх шиг байна. Э.Бат-Үүл даргыг цэцэг, мод тарилаа гэж загнаад л байсан.
Тэгтэл тэр мод, цэцэгсийг нь услаад хэвшчихлээ. Мод тарьцгаадаг болчихлоо. Нэг үеэ бодвол сэргэчихлээ шүү дээ. Айлуудад уриалахад хашаандаа мод тариачээ. Таван нарс аваачаад суулгачихад та үр хүүхдэдээ амьд өв үлдээнэ ш дээ. Дурсамж нь бас үлдэнэ.
-Эрдэм шинжилгээний ажил эхлүүлсэн талаараа ярилаа. Танай компанид энэ чиглэлийн мэргэжлийн хүмүүс олон байдаг гэж сонссон юм байна?
-ОХУ, АНУ болон дотоод- доо мэргэжил эзэмшсэн 4-5 дендорлогич буюу модны инженерүүд ажиллаж байна. Эд маань давжаа алим тарих үрийн туршилт хийж байна. Арцыг үрээр үржүүлэх, мөчрөөс залгаж мод ургуулах аргыг судалж байна.
Манай улсын туршлагатай мэргэжилтэн, модны инженерүүд маань эх орныхоо байгаль,ойгоор явж аав моддыг хайж олж тодорхойлдог байж. Хэнтийн Биндэр, Сэлэнгэ аймаг, Увс аймагт аав модод байдаг. Бид энэ ажпыг өнөө жил сэргээгээд манай хоёр инженер уулуудаар явж байна. Ингэж явснаар хамгийн үржил шим сайтай, ургах чадвар өндөртэй үр модыг олж авдаг. Тэр модны үрийг гаргаж аваад хамгийн үржил селекц сайтай, сайн сортын мод гаргаж авна.
Мод чинь өмхөрч, өтөж, түймэрт өртөж, механик гэмтэлд их орж, байгалийн хатуу хөтүүтэй тулгардаг. Энэ бүхнийг даагаад гарчихсан аав моддыг үр мод гэж ярьдаг. Ийм төслийг бид бас хэрэгжүүлээд явж байна.
-Удахгүй бүх нийтээрээ мод тарих үндэсний одор тохионо. Мөн энд тэндгүй мод, тарьц, үрийн үзэсгэлэн худалдаа болно?
-Би ингэж уриалмаар байна. Өнөө жил нэмж мод тарих гээд яах вэ. Тарьсан моддоо эргээд нэг үзчихээч ээ. Ноднин, уржнан, тэрний урьд жилүүдэд тарьсан мод чинь байна уу. Аав, ээжийн тань тарьсан мод байна уу. Тэрийг үзээч ээ. Бид бас ийм ажил зохиодог юм уу гэж бодоод байгаа. Ямар арга хэмжээ вэ гэхээр уул руу алхахаар ирж байгаа хүмүүст тав, 10 мянган төгрөгийн суулгац худалдмаар байна. Хүмүүс суулгац аваад уул руу алхаж байхдаа тариад тариад орхичихог. 100 хүн алхахад тав, таван мод тариулахад 500 мод нэмэгдчихнэ гэсэн үг. Ийм ажлыг энэ жил санаачлаад хийе гэж бодоод байна.
-Богд уулын Цэцээ гүний оргил руу алхахад бараг хоёр км шахуу алхаж байж ойн цэнгэг агаарыг мэдэрч байна лээ. Ой хормойгоороо маш их сийрэгжиж, хөрс нь талхлагдсан нь анзаарагдаж байсан?
-Би ойн инженер, ойн мэргэжлийн хүн биш л дээ. Гэхдээ би өөрийн сонирхлоороо модны чиглэлийн компани удирдаж байгаагийн хувьд хэлэхэд Монголын ой хөгшин. Нөхөн сэргээлт хийхгүй байна. Энэ чиглэлээр төр засгийн байгууллагууд бидэнд хандахгүй байна. Мод үржүүлгийн компаниуд олон тоогоор бий болчихсон. 4-10 жил оршин тогтнож байгаа компаниуд руу мэргэжлийн байгууллага, яамд хандаач ээ. Бидэнтэй харьц. Ченжээс л мод аваад байх юм. Уулнаас мод огтлоод аваад ирсэн хүмүүсээс мод худалдаж аваад байна. Мэргэжлийн компаниудаас нь мод ав. Одоо чинь бүх юм мэргэшээд байна шүү дээ. Нэг үеэ бодвол Монголын бизнесүүд төрөлжчихсөн. “Номин” компани Богд ууланд мянга гаруй мод тарьсан. Тэр нь ямар сайхан ургаж байна гээч. Бидэнд мөнгийг нь өгөөд Богд ууланд мод тариул. Мөнгийг нь өгөөд биднийг ажиллуул л даа.
Д.ГАНСАРУУЛ
ӨДРИЙН СОНИН 2017.04.28