Улаанбаатар хотод өдрөөс өдөрт сүндэрлэх орон сууцнуудын тоо нэмэгдэж нийслэлийн өнгө төрх сайжирч байна. Энэ нь иргэдийн хэрэгцээ байгааг харуулж байгаа нэг үзүүлэлт боловч өөрсдийн ая тухтай амьдрах нөхцөл боломжийг хангасан орон сууцанд амьдрах нь хамгийн чухал байдаг. Тэгвэл “Чухаг-2” хотхон Улаанбаатарын цэвэр агаарын бүсэд, авто машины дулаан гараж, ил зогсоол, худалдаа үйлчилгээний төвийн дэргэд, замын түгжрэл, хотын дуу чимээнээс хол, хүүхэд хөгшид тухлах тоглоомын талбайтай, спортын цогцолбортой, нэгдсэн харуул хамгаапалттай, эко бүсэд буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд сүндэрлэж байна. “Чухаг-2” хотхон нийт зургаан блок 16 давхар үйлчилгээтэй 600 айлын цогцолбор орон сууц юм.

Уг орон сууцны цогцопборын талаар “Женерал Тек” компанийн Борлуулалтын ахлах менежер Л.Ариунаатай ярилцлаа.

-Монголчуудын хувьд сүүлийн жилүүдэд орон сууцанд амьдрах сонирхол нэмэгдсэн. Тийм ч болохоор Улаанбаатар хотод олон тооны орон сууц ашиглалтад орж байгаа л даа. Харин танай компанийн хэрэгжүүлж буй “Чухаг-2” төслийн орон сууцны онцлог давуу тал нь юу байгаа бол?

-Манай иргэд нэг үеэ бодоход эрүүл аюулгүй орчинд тав тухтай амьдралыг илүүд үзэх болсон. Тэр утгаараа Улаанбаатар хотод орон сууцны шаардлага тэр хэмжээгээр нэмэгдсэн нь үнэн. Ялангуяа залуу гэр бүлүүд болон орон сууцны нөхцөлөө сайжруулж байгаа хүмүүс ямар орон сууцанд орох вэ гэдгээ судлах ёстой. Үл хөдлөх зуучлалын компаниуд сүүлийн үед сурталчилгааг үндэслэлтэй сайн хийдэг болсон. Тухайн орон сууцыг худалдан авахдаа юуг анхаарах ёстой вэ гэхээр бетон хийцийнх байна уу, хагас угсармал юм уу гээд барилгын ажил ид үргэлжилж байхад нь очиж үзэх хэрэгтэй. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг үг бий. Барилгын чанарыг барьсан хойно нь биш барьж байх явцад нь өөрийн нүдээр үзэж байж сонголтоо хийх нь маш зөв байдаг. “Женерал Тек” компанийн хувьд барилга баригдаж эхлэх үеэс нь баригдаж дуустал нь иргэддээ танилцуулаад явдаг юм. Дүнжингарав худалдааны төвийн урд талд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд манай “Женерал Тек” компанийн барьж буй “Чухаг-2” орон сууцны хотхон баригдаад дуусч байна. Манай компанийн хувьд барилгын салбарт 10 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай хамт олон бий. Компанийн зүгээс “Чухаг-2” төсөл хэрэгжүүлэн 600 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлээд гурван жил гаруйн хугацааг өнгөрүүлж байна.

-Ерөнхийдөө бол сүүлийн үед баригдаж буй орон сууцнуудын подваль усаар дүүрлээ гэх гомдол гарах болсон. Газрын байршлын хувьд доод давхрууд усанд автах юм биш биз дээ?

-“Чухаг-2” хотхоны хувьд тийм зүйл байхгүй гэдгийг бардам хэлэх байна. Манай хотхон бусад орон сууцнуудаас хоёр тэрбум төгрөгийг илүү хөрөнгө оруулж ус зайлуулах систем буюу сууринд зарцуулсан. Би “Орон сууц авах гэж байгаа хүмүүс эхлээд авто машины дулаан зогсоолд орж үзэх хэрэгтэй” гэж зөвлөдөг. Ялангуяа Туул голын ай сав дагуу ойрхон баригдажбуй орон сууцнуудын подваль усанд автаж байна уу гэдгийг судлах хэрэгтэй. Манай хотхоны суурийг тавихад БНСУ-аас мэргэжилтнүүд ирж чанарын өндөр түвшинд суурь тавьсан. Бид хэзээ ч хотхоны подвалиас ус гарахгүй гэдгийг батална. Бүх орон сууцнууд 8-12 баллын газар хөдлөлтийг тэсвэрлэдэг байх ёстой. Манай хэрэглэгчид үүнийг төдийлөн мэддэггүйгээсээ болж өрөөний даацын нурууг гэрэл хаалаа, өрөө жижиг байна гэх мэтээр ярьдаг.

Монгол Улсын стандартаараа 8-12 баллын газар хөдлөлтийг тэсвэрлэхийн тулд орон сууцнуудын өрөөнүүдээр даацын нуруу буюу багана явах шаардлагатай болдог. Нэг үгээр хэлбэл оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах тав тухыг хангаж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Даацын нуруу олон байж орон сууц бат бэх босдог. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд залуу гэр бүлийг дэмжихээс эхлээд олон хөтөлбөрийг гаргаж хэрэгжүүлсэн. Манай эхний байрууд ашиглалтад ороод нэг жил болж байна.

-Ямар нэгэн санал гомдол гарсан уу?

-Оршин суугчдын зүгээс ямар нэгэн санал гомдол гаргаагүй. Харин ч ам сайтай байгаа тул бид ч эрч хүчтэй ажиллаж байна. Чанарыг эрхэмлэж байгаа тул орон сууцнуудынхаа 80 хувийг борлуулчихсан амжилттай байгаа.

-“Чухаг-2” хотхон Дүнжингарав худалдааны төвийн урд талд байрладаг гээд бодохоор “А” зэрэглэлийн бүсэд байрладаг юм байна. Манайхан чинь “А” зэрэглэлийн бүсэд баригдсан гээд үнээ нэмээд байдаг. Танай хотхоны хувьд ямар байдаг юм бол?

-нэгдүгээрт манай  “Чухаг-2” хотхон маань Улаанбаатар хотын хамгийн цэвэр агаартай, хамгийн  цэвэр устай бүсэд байрладаг. Өмнө нь энэ газар ямар нэгэн байшин барилга баригдаж нь байгаагүй тул газрын хувьд маш эрүүл. Хоёрдугаарт, манай хотхоны урд талд ямар нэгэн байшин барилга хэзээ ч баригдахгүй. Хотхоны урд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байдаг тул дахин орон сууц  баригдахгүй гэсэн үг. Спортоор хичээллэхээс эхлээд мөнгө хэмнэж болох тэр бүх боломж  хотхонд бий. Нэг үгээр хэлбэл шинээр байранд орсон хүмүүс мөнгийг аривлан хэмнэх боломжийг нээж өгч байгаа. Бид зориг гаргаж Улаанбаатар хотод авсан газраасаа буцааж өгсөн.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Нэг ээлжиндээ 640 хүүхэд буюу 1280 хүүхэд суралцах боломжтой Ерөнхий боловсролын сургуулийн газрыг өөрсдийн газраасаа чөлөөлж өгсөн. “Баянмонгол”, “Олимп”, “Дүнжингарав” хотхонуудын дунд Ерөнхий боловсролын сургууль байдаггүй юм. Сургууль маань улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан. Одоо өсдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлнэ.

Орон сууцанд орж байгаа хүмүүс санхүүгийн хувьд хүндрэлтэй байдаг. Ядаж л хүнсний бүтээгдэхүүнээ бөөнөөр нь худалдаад авчих боломжтой хүн тийм ч их биш. Тиймээс өдөр тутмын хэрэгцээт зүйлсээ өөрийн хэр хэмжээнд тааруулаад авчих боломж нь Дүнжингарав худалдааны төв. Энэ бүхнийг цогцоор нь шийдсэн гэж ойлгоорой.

-“Чухаг-2” хотхоны хувьд утаанаас хол, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг нээж өгсөн юм байна. Орон сууцнуудын хувьд авто машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбайгаас эхлээд хүндрэлтэй зүйлс байдаг. Энэ бүхнийг шийдсэн үү?

-Дахин хэлье. Орон сууц сонгох тал дээр иргэд маань анхаарах нь чухал. Ядаж хүүхдээ сургууль, цэцэрлэгт хаана өгөх вэ, машинаа өвөл дулаан гаражид байлгаж чадах нь уу гэдгээ бодох хэрэгтэй. Манай компанийн төслийнхөн энэ бүх асуудлыг шийдсэн. Амралтын өдрүүдээр ах дүү, найз нөхөд хүрэлцэн ирлээ гэхэд Дүнжингарав худалдааны төвийн 10 мянган авто машины зогсоол байж байна. Зөвхөн хотхон дотроо гэхэд 200-300 авто машины ил зогсоолыг шийдэж өгсөн. Шинээр байранд орж байгаа хүмүүс санхүүгийн боломжоос шалтгаалаад дулаан гараж авч чаддаггүй. Бидний хувьд дулаан гаражаа түрээсийн зарчмаар 4-5 жил боломжийн үнээр түрээслэх уян хатан бодлого явуулж байна.

Хотхон дотор 100 хүүхдийн хувийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Манай хувийн цэцэрлэгүүд өндөр үнэтэй байдаг бол хотхон доторх цэцэрлэгийн үнэ өндөр биш. Хүүхдийн цэцэрлэгээс гадна хоёр орцтой орон сууц барих байснаа болиод спорт цогцолбор барьж байгаа юм. Өвөлдөө Улаанбаатар хот утаан дунд бараг харагдахаа больдог. Тэгвэл “Чухаг-2” хотхонд утаа харьцангуй бага тул үр хүүхдээ салхилуулах, нар, салхинд алхах энэ бүх боломж хангагдсан.

Ерөнхий боловсролын сургууль гэхэд манай хотхоноос 300 метрийн зайд байрладаг. Хүүхдээ сургуульд хүргэж өгнө гэж машинаар явж түгжрэхгүй. Дэргэдээ цэцэрлэгтэй болохоор хүүхэд тань өөрөө гүйгээд орчихно. Таван минут алхаад хүнсний захаас хүнсээ бэлдэж, цэцэрлэгт хүрээлэнгээр гэр бүлээрээ зугаалж болно. Хүний хэрэгцээ цөм бүрэн гэдэг шиг бүх зүйл, тохь тух бүрдсэн.

-Танай компанийн зүгээс орон сууцандаа ямар нэгэн урамшуулал зарлаж байна уу. Ноднин “Залуу гэр бүлийг дэмжих төсөл” хэрэгжүүлж байсан байх аа?

-Бид янз бүрийн хөтөлбөр хэрэгжүүлж, хямдрал зарлаж үзсэн. Үндсэндээ санхүүгийн нэг схем дээрээ тогтсон. Залуу гэр бүлийн хүрээнд нэг хүүхэдтэй, хоёр хүүхэдтэй, гурван хүүхэдтэй гээд хүүхдүүдийнх нь тоогоор хөнгөлөлт үзүүлдэг байсан. Бид ямар санхүүгийн схем дээр тогтсон байна вэ гэхээр моргейжийн зээлд 45-аас дээш насныхан хамрагдах боломж тэр бүр байдаггүй. Зээл нь өөрөө урт хугацаатай байдаг тул хамрагдах боломжгүй байдаг. Түүнчлэн орлого тодорхойлох боломжгүй хувиараа жижиг дунд бизнес буюу ТҮЦ ажиллуулдаг, үсчин, алт мөнгөний дархан гээд олон хүн орлого тодорхойлогддоггүй тул найман хувийн зээл хаалттай байдаг юм. Тиймээс бид байгууллагын нэг хувийн зээл гаргаж өгсөн.

-Тэр нь ямар учиртай зээл юм бэ?

-Та банкны найман хувийн зээлд хамрагдсан бол 15-20 жилийн дараа байрныхаа ордерыг өөр дээрээ авна. Харин манайх 20-30 хувийн урьдчилгаагаа төлөөд 3-5 жилд шахаад нэг хувийн хүүтэйгээр орон сууцандаа орчих гэж байгаа юм. 100 сая төгрөгийн үнэтэй байранд орлоо гэхэд 20-30 сая төгрөгийн урьдчилгаагаа төлөөд сарын нэг хувийн хүүтэйгээр манай байгууллагад төлөөд явчих боломжтой. Хүмүүс ингээд төлж байна. Тиймээс 3-5 жилийн дараа та байрныхаа ордерыг гар дээрээ авчихаж байгаа юм. Ийм зээлийг бид өгч байгаа нь барилгын салбарт анхдагч болсон байх. Энэ жишгийг олон компани хэрэгжүүлж байгаа нь зөв. Урт хугацаанд хүн зээлтэй явахаар маш их стресстэй болдог юм байна л даа. Тухайлбал, “Чухаг-2” хотхонд орсноор авто машин үндсэндээ хэрэглэх шаардлагагүй болж байгаа юм. Хүүхдүүд нь сургууль, цэцэрлэгтээ гүйгээд орчихно. Хотхоныхоо үүднээс нийтийн тээвэрт суугаад ажил руугаа явчихна. 15 саяар авто машин авах гэж байсан бол тийм шаардлагагүй болно гэсэн үг. Манайхан авто машинд сардаа бараг нэг сая орчим төгрөг зарцуулдаг.

Бид өнгөрөгч долоо хоногт хотхоны танилцуулга өдөрлөг зохион байгуулахад давхардсан тоогоор 15 мянган хүн ирсэн. Сошиал орчинд маш их хандалт авлаа. Энэ үеэр санхүүгийн бүх аргуудыг зааж өгсөн. Мөнгөний эх үүсвэрээ хэрхэн зөв хуваарилах вэ гэдгээс эхлээд зөв гарцуудыг зааж өгсөн.

Анх барилгын зураг төслийг таван жилийн өмнө хийж байхад эдийн засаг сайхан байлаа. Эдийн засаг хүндэрсэн тул иргэдийн орон сууц худалдан авах боломжид тааруулан 1-3 өрөө байхаар зохицуулсан. Метр квадрат нь 3.2 сая төгрөгийн үнэтэй орон сууцнууд маань борлуулагдаад дууссан. Бид иргэдтэй үнэн учраа ярьж нарны тусгал багатай байрууд дээрээ уян хатан үнийг санал болгож байгаа. Эдийн засгийн энэ хүнд үеийг “Женерал Тек” компани иргэдтэйгээ уулзаж, ярилцаад харилцан ашигтай байхаар зохицуулж байна. Манай орон сууц тансаг зэрэглэлийн орон сууц биш. Гэхдээ тансаг зэрэглэлийн орон сууцнуудын дэргэд баригдсан нь мөн давуу тал маань байгаа юм. Иргэдийн ая тух, аюулгүй байдал тэр бүгдийг цогцлоосон.

Э.Энхболд

Өдрийн сонин

2017.08.25 Баасан №181(5748)